ДУНДГОВЬ: Хүрэл загалмай гоёл чимэглэлийн эд зүйлд хамаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-17 16:00:35
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музей хүрэл эдлэлийн үзмэрээрээ бусад аймгийн музейгээс онцлогтой. Тус аймгийн нутагт Хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш, хиргисүүр, хадны зураг зэрэг дурсгал олон бий.


Үүнээс гадна хүрлээр хийсэн багаж зэвсэг, эд зүйлс тус аймгийн нутгаас түүвэр байдлаар олноор олддог ба тус музейд 700 орчим хүрэл эдлэл хадгалагдаж байна. Хүрлийн цуглуулгын нэг нь “хүрэл загалмай” юм. Энэхүү археологийн олдвор 4,6х4 см-ийн хэмжээтэй ба гоёл чимэглэлийн эд зүйлд хамаарагдана.


Музейн тайлбарт бичсэнээр энэхүү хүрэл үзмэр орчин үеийн христийн загалмайн хэлбэртэй бөгөөд хөндлөн хэсэг болон босоо хэсгийн дээд талууд богино. Дээд хэсэг нь хугарсан, загалмайн үзүүрүүд гурав салаалсан цэцэг навч маягийн хэлбэртэй, түүн дээр цааш хонхойлгон цоолборлосон олон жижиг нүхтэй юм.  


Энэхүү үзмэрийг түүхтэй холбон Х зууны үеийн Монголын нүүдэлчин аймгуудын нэг Хэрэйд аймгийн хүн амын хэрэглэж байсан эд зүйл хэмээн тодорхойлдог. 

Холбоотой мэдээ