Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /BBC/. “SpaceX” компанийн “Starlink” интернэт үйлчилгээтэй өрсөлдөх зорилготой "Kuiper" төслийнхөө эхний хиймэл дагуулуудыг "Amazon" компани сансарт хөөргөлөө.
Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын хөлгийн буудлаас даваа гарагт орон нутгийн цагаар 19:00 цагт "United Launch Alliance" (ULA) компанийн "Atlas V" зөөгч пуужингаар 27 хиймэл дагуулыг тойрог замд гаргасан байна.
Ирэх жилүүдэд тус компани нийт 3236 хиймэл дагуулыг дэлхий орчмын нам тойрог замд (590, 610, 630 км-ийн өндөрт) гаргахаар төлөвлөжээ.
Хиймэл дагуулын энэхүү сүлжээ нь нэг секундэд 400 мегабит хүртэлх хурдтай (1 Гбит/с ба түүнээс дээш хүртэл нэмэгдүүлэх боломжтой) өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг үзүүлэх юм.
“Project Kuiper бол нам тойрог зам дахь Amazon компанийн хиймэл дагуулын сүлжээ юм. Энэхүү төсөл нь дижитал тэгш бус байдлыг арилгах, интернэт сүлжээнд холбоход хэцүү бүс нутгуудад хурдан бөгөөд хямд өртөгтэй өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой" гэж тус компани 2023 онд хэрэглэгчийн терминалын туршилтын загваруудыг танилцуулахдаа мэдэгдэж байв. Мөн оны 10 дугаар сард "KuiperSat-1", "KuiperSat-2" туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд хөөргөсөн юм. Эхний бүлэг 27 хиймэл дагуулыг дөрөвдүгээр сарын эхээр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан хойшлуулжээ.
Хиймэл дагуулуудыг хөөргөснөөр тус комапни "Starlink" төдийгүй хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч бусад оператортай өрсөлдөх өрсөлдөөнд албан ёсоор орлоо.
"SpaceX" компанийн анхны хиймэл дагуулуудыг 2019 онд хөөргөжээ. Тус компани 6750 гаруй хиймэл дагуулыг тойрог замд оруулаад бөгөөд дэлхийн 5 сая гаруй хүнд үйлчилж байна.