ТӨВ: “Хуулиа дээдэлье” тэмцээний аваргууд төвийн бүсийн тэмцээнд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Хуулиа дээдэлье” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр Монгол туургатан театрт болж байна. Тэмцээний нэгдүгээр шатанд аймгийн 26 сумыг 4 бүсэд хуваан 208 хүүхэд оролцож, шагналт байр эзэлсэн багууд өнөөдөр аваргын төлөө өрсөлдөж байна.
Энэ жилийн тэмцээнийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Тэмцээний оролцогч хүүхдүүд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлж тэмцээндээ идэвхтэй оролцож байна. Тэмцээнд байр эзэлсэн багууд төвийн бүсийн тэмцээнд оролцох юм.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд үг хэлэхдээ, "2025 оны 3 дугаар сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт бүртгэсэн гэмт хэргээс хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо 2 дахин буурсан сайн үзүүлэлт байна. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 9 хувиар өссөн саар үзүүлэлт байна. Иймд Хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэд, хүүхэд багачуудад сурталчлах, тэднийг энэ төрлийн гэмт хэрэгт өртүүлэхгүй байх шаардлагатай байна" гэв.
Уг тэмцээнийг зохион байгуулснаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм ажиллах журмыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын идэвх, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.
“Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ зохион байгуулж байна.