Пак Гын Хэ засгийн газартаа халаа сэлгээ хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Өөрийнх нь засаг захиргааг огцроход хүргэж болзошгүй дуулиан шуугиан дэгдээд байгаа энэ үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Ерөнхий сайд болон Сангийн сайдыг шинээр томиллоо.
Ерөнхийлөгч Пак эртний анд Чой Сүн-силээс зөвлөгөө авч, түүнд улс төрийн баримт бичгүүдийг үзүүлэн, хэлэх үгээ хянуулдаг байсан гэсэн мэдээлэл тархсны дараа Пак Гын Хэ-г олон нийт хатуу шүүмжлэх болсон юм.
Төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс нөлөөлсөн гэж буруутгагдаж буй Чой овогт эмэгтэйг энэ долоо хоногийн даваа гарагт цагдаа нар баривчилжээ.
Мөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор найман банкинд нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл байна.
Шүүмжлэгчдийн ярьснаар, хатагтай Чой нь Ерөнхийлөгч Пактай ойр дотно харьцаатай гэдгээрээ далимдуулан өөрийн удирддаг сангуудын мөнгөнөөс завшиж, төрийн мөнгийг шамшигдуулж, төрийн тэргүүний шийдвэрт шууд нөлөөлдөг байсан бололтой.
Энэ дуулиан шуугиан нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэж, ард иргэд Пак Гын Хэ-г огцрохыг шаардахад хүргэсэн билээ.
Дуулиан шуугиан тархаад байгаа энэ үед Ерөнхий сайд Хван Гё-аныг ажлаас нь чөлөөлөн Ерөнхийлөгч агсан Ну Мү-хёны засаг захиргааны үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким Бионг-юныг Ерөнхий сайдаар томилох шийдвэрийг Пак Гын Хэ гаргалаа. Өмнөд Солонгост засгийн гол эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт байдаг учир Ерөнхий сайдын албан тушаал нь бэлгэдлийн шинжтэй юм.
Мөн Сангийн сайд бөгөөд ерөнхий сайдын орлогч Ёо Иль-хо-г ажлаас нь чөлөөлж, түүний оронд Санхүү үйлчилгээний комиссын даргаар ажиллаж Им Жон-ёныг томилсон байна.
Г.Доржханд