Шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйд тулгуурласан бизнесийг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Морингийн давааны шинэ суурьшлын бүст хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУСЯ болон НЗДТГ хамтран ажиллах болжээ.
НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг нийслэлийн Орон сууцны корпорацийн захиалгаар “Нью-Урбанизм” компани хийж гүйцэтгэж байна. Тухайн бүсэд хөдөө аж ахуйн салбарт суурилсан бизнес хөнжүүлэх замаар жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорациас Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУСЯ-ны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр дээрх яамд болон НЗДТГ хамтран хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг бүрдүүлэх боломжийн талаар нарийвчлан судлахаар тохирсон юм.
Ч.Ариунболд