“Халзан түнжүү”-г нууранд нь буцаан тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-02 14:17:41

Иргэн П.Жүгдэрнамжилын ирүүлсэн мэдээллийн дагуу хотын барилгажсан талбайд гэмтэж, хаягдсан “Халзан түнжүү” хэмээх усны шувууг нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд хамгаалалтад авч, малын эмч дуудаж  үзүүлэхэд өрөөсөн жигүүр нь гэмтсэн байв.

Гэмтсэн жигүүр нь бороолон эдгэж байсан тул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Бэлийн голоос үүдэлтэй цэнгэг уст нууранд аваачиж тавихад галуун сүрэгт нэгдэж усандаа сэлэн үлдлээ.

“Халзан түнжүү” нь Ази, Европ, Австрали, Африкийн цэнгэг уст нуур цөөрөмд тархан нутаглаж, зөөлөн дулаан уур амьсгалтай газар суурин амьдардаг ба хүйтэн сэрүүн бүсийн шувууд нь өвлийн улиралд дулаан газарт нүүдэллэн ирдэг юм. Энэ шувуу 36-42 орчим см урттай, нүүрний цагаанаас бусад их бие нь хар өнгөтэй. Залуу түнжүү нь арай цайвар өнгөтэй ба 3-4 сарын дараагаас хар өд сөд ургаж эхэлдэг. Нүүрний цагаан хэсэг нь 1 нас хүрч байж бүрэн гүйцдэг. Өвс ургамал ашиглан үүрээ  засдаг. Голдуу 10 гаруй өндөг гаргадаг. Өндгийг нь бусад шувууд идэх нь их тул маш цөөхөн нь амьд үлдэж дэгдээхэй болдог аж. “Халзан түнжүү” нь холимог идэштэн ба бусад шувууны өндөг, ургамал ногоо, үр жимс гэх мэтээр хооллоно.
Манай улс дэлхийн шувуудын нүүдлийн 3 замд байрладаг ба 1999 онд ”Зэрлэг амьтадын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах” Боннын конвенцэд нэгдэн орсноор хил дамжин нүүдэллэдэг зэрлэг амьтдыг хамгаалахад хамтарч ажиллах, нүүдэллэх замд нь агнах, орчныг доройтуулах зэрэг аюулаас сэргийлэх үүрэг хүлээдэг юм байна.
Шувууг аврахаар сэтгэл гарган ирж, Нийслэлийн Байгаль орчны газарт  мэдээлсэн  “Ньюком Проперти” компанийн ажилтан П.Жүгдэрнамжил гуайд талархал илэрхийлье гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ