К.Ледеки дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 5 /BBC/. Америкийн усанд сэлэлтийн алдарт тамирчин Кэти Ледеки долоон жилийн дараа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Өдгөө 28 настай
тэрбээр Флорида муж улсад болсон “Tyr Pro Series” тэмцээнд 800 м-ийн чөлөөт
сэлэлтийн төрөлд 8 минут 4.12 секундийн амжилт үзүүлснээр есөн жилийн өмнө тогтоосон
дээд амжилтаа эвдсэн байна.
Ингэснээр Олимпын
есөн удаагийн аварга К.Ледеки “Рио-2016” наадмаас алтан медаль хүртэх үедээ
тогтоосон 8 минут 04.79 секундийн амжилтаа ахиулжээ. 2013 онд Их Британийн тамирчин,
Олимпын хошой аварга Ребекка Адлингтоны энэ төрөлд тогтоосон дээд амжилтыг эвдсэнээсээ
хойш К.Ледеки зургаа дахь удаагаа шинэчлэн тогтоож байгаа нь энэ юм.
К.Ледеки хамгийн
сүүлд 2018 оны тавдугаар сард 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг
тогтоож байсан бөгөөд тэрбээр 800 м, 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд нийт
дөрвөн дээд амжилтыг эзэмшиж байна.
“Токио-2020”, “Парис-2024” наадамд хоёуланд нь түрүүлсэн К.Ледеки өнгөрсөн долоо хоногт 400 м-ийн ба 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд тамирчны замналынхаа хоёрдугаарт бичигдэх амжилтыг үзүүлсэн байна.
Харин бямба гаргийн
өглөө нутаг нэгт Гретчен Уолш 55.09 секундийн амжилтаар 100 м-ийн эрвээхэй
сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эвджээ. Өдгөө 22 настай тэрбээр ганцаарчилсан
таван төрөл, буухиа дөрвөн төрөл гээд нийт есөн төрөлд дэлхийн дээд амжилтыг
эзэмшиж байна.
Г.Уолш, К.Ледеки нар 2025 оны долоодугаар сарын 11-нээс наймдугаар сарын 3-ны хооронд Сингапурт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр медалийн тоогоо ахиулахыг зорьж байгаа ажээ.