Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ улиралд хоёр дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-12 09:48:57

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч Арвайн үндэс” компаниас 16 дахь жилдээ зохион байгуулж буй Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 120 бөх зодоглов.


Энэ цаг үед ид барилдаж буй таван арслангаар магнайлуулсан энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их Монголын Хүчтэн дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Сүлд спорт хороо, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэлээ. Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ улиралд хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, таван удаа их шөвөгт шалгарсан байна.


Тэгвэл тус барилдааны их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Эрч спорт хороо, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Таван Хан дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Харин наймд улсын заан Ц.Одбаяр, харцага Б.Цэдэнсодном, начин Э.Батмагнай, Э.Мөнхжаргал нар үлдэв.


Зохион байгуулагчдаас Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа.

Ташрамд сонирхуулахад, Монгол бөхийн өргөөний энэ улирлын намрын нээлтээс хойш өнөөдрийг хүртэлх барилдаанд анх удаа арслан цолтой гурван бөх шагналын индэрт гарлаа. Түүнчлэн арслан цолтой таван бөх нэг дор зодоглосон анхны тохиолдол болов. 



Холбоотой мэдээ