АРХАНГАЙ: Эрдмийн баяраараа мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын бүх бямба, ням гаргийг “Тэрбум мод” тарих өдөр болгон зарласан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд Урд тамирын голын эрэг татам дагуу 4 га газар 4200 ширхэг мод тарилаа.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс эхлэн мод
тарьсан энэ хэсгийн 8 га газарт 8500 орчим модыг тарьж, ургуулж байгаа юм.
Ирээдүйд залуу ойн төгөл болох бөгөөд цэвдэг, усны нөөцийг
хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Энэ үеэр мод тарьж буй хүүхдүүдийг онцоллоо. Тэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн Т.Отгонтөгс багштай 5а ангийн сурагчид байлаа.
Хүүхдүүд эрдмийн баяраа тохиолдуулан мод тарих санаачилга гаргаж, ангиараа эцэг эх, багштайгаа хамтран 50 ширхэг улиас мод тарьсан юм. Хүүхдүүд ихэд баяртай, ирээдүйд том сүрлэг модод болж, ургахыг харах сайхан байна хэмээн сэтгэл догдлом ярьцгааж, өөрсдийн суулгасан модондоо таних тэмдэг тавьж байлаа.