ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид "Алтан цом"-ын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-26 14:50:25

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Эрч хүч-Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо дөрвөн өдөр үргэлжилсэн Уурхайчдын спортын их наадам өндөрлөж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид илт давуу амжилт үзүүлэн, “Алтан цом”-ын эздээр тодорлоо. 


Спортын  наадмын хаалтын үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нарын хүндэт зочид оролцож, шилдгүүдэд шагнал гардуулав. 


Уурхайчдын спортын их наадмын хөл бөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн мөнгө, “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид хүрэл медаль хүртэж, мөнгөн шагнал цом гардлаа.


Харин волейболын төрөлд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус, бүсгүйчүүд аваргалж, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, Болдтөмөр Ерөө гол ХХК, эмэгтэйчүүдэд Оюу толгой, Энержи Ресурс ХХК-ийн багууд удаалсан юм.


Сагсан бөмбөгийн тэмцээнд мөн Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид нэгдүгээр байр эзэлж, алтан медалиар энгэрээ гоёсон бол “Эрдэнэс тавантолгой” ХК, "Бласт" ХХК болон эмэгтэйчүүдээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. 


Спортын их наадмын тэгш тоглогчоор “Оюу толгой” ХХК-ийн волейболын тамирчин Б.Эрдэнэ-Отгон, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тамирчин Б.Билгүүн нар тодорсон бол MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Эрдэнэт үйлдвэрийн хөл бөмбөгийн тамирчин Д.Энхтөр, волейболын тамирчин Б.Бямбабаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Уянга, “Энержи ресурс” ХХК-ийн волейболын тамирчин О.Цэрмаабуу, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн сагсан бөмбөгийн тамирчин А.Сумъяа нар шалгарч, Уул уурхайн салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм. 


Зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит Шилдэг шүүгчийн шагналыг Монголын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлтэй шүүгч Ө.Сэдэд хүртэв.

 

Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Уурхайчдын спортын их наадмын хүндэт тугийг залж, ирэх жилийн наадмыг зохион байгуулах эрхийн хамт “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүндэтгэлтэйгээр шилжүүлснээр өндөрлөлөө.








Холбоотой мэдээ