Роботуудын боксын анхны тэмцээн Хятадад болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 27 /globaltimes/. Дэлхийд анхных болох хүн дүрст роботуудын боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод болж өнгөрлөө. “Unitree Robotic” компанийн зохион байгуулсан “Unitree Fist King: Awakening” нэртэй уг тэмцээнд роботууд муайтай төрлөөр тулалдаж роботын технологийн дэвшлийг харуулсан байна.
Рингэн дээр гаргахын өмнө “Unitree” компанийн инженерүүд роботуудыг сайтар бэлдэж, тэнцвэрээ хадгалах чадварт нь онцгой анхаарсан байна. Тодруулбал, хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг нарийн техникүүдийг зэрэг гүйцэтгэхийн тулд тулаанч роботуудыг LiDAR-мэдрэгч болон зай мэдрэгч камеруудаар тоногложээ.
Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүдийн баг алсаас удирджээ. Ингэхдээ алсаас удирдагч болон дуу хоолойгоор заавар өгдөг төхөөрөмжийг ашигласан байна. Тэмцээний дүрмийн дагуу унасан робот найман секундийн дотор босож чадаагүй бол ялагдсанд тооцсон байна.
“Unitree Fist King: Awakening” тэмцээний гол зорилго нь компанийн технологийн боломжуудыг харуулах, мөн инженерийн шийдлүүдийг хөдөлгөөнт орчинд турших явдал байв. “Unitree” компани энэ оны 12 дугаар сард роботуудын хоёр дахь тулааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус компани анхны тэмцээнээс олж авсан туршлагадаа суурилан дараагийн тэмцээнийг илүү сонирхолтой байдлаар явуулахаа амласан байна
“Unitree” компанид зохион бүтээсэн “G1” загварын роботууд нь загвараасаа (G1 эсвэл G1 EDU) хамааран 35–47 кг жинтэй, өндөр нь 127 орчим см ажээ.