Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-28 10:54:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 19-23-нд шалгалт хийж, 4 улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.


Үүнд БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, БНУзУ-ын 2, Тайландын Хаант Улсын нэг иргэн байна. Эдгээр гадаадын иргэний 25 нь ирсэн зорилгоосоо өөр ажил хийсэн бол 3 нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн байжээ.


Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олгож байгаа. Үүнийг дагаад жуулчлахаар зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргасан тоо нэмэгдэж байна. Тухайлбал, энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгджээ.


Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг ГИХГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ