“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-29 14:37:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Арцатын амд барьсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг өнөөдөр нээлээ.


Нийт 2739.8 ам дөрвөлжин метр талбайтай, 250 хүний багтаамжтай сургалтын заал, 10-30 хүний багтаамжтай 6 анги, хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимаас бүрдэх тус төвийг олон улсын сургалтын байгууллагуудтай хамтарч аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр ажиллуулна. Жилдээ шинээр 850-2600, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай.


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар хороод тус төвд жуулчин тээвэр, аяллын хөтөч, зочлох үйлчилгээ, ресторан зоогийн газар, зөөгч, аялал жуулчлалын менежмент, аяллын тогоочийн ур чадвар, цахим технологийн сургалт явуулах юм.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа билээ.



“Аялал жуулчлалын төв”-ийн нээлтэд ССАЖЗ-ын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс дарга ИХэ Рим (Lee Herim), БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац (KTO), MICE-ийн Газрын дарга Жон Чан Үг (JEONG CHANG UK), БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац, Жуулчны бааз, байрших хэрэгслийн холбоо, Монголын Жуулчин тээврийн холбоо, Мэргэжлийн Хөтөч тайлбарлагчдын холбоо,  Аялал Жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Европ, Япон, БНХАУ, БНСУ-ын зах зээл тус бүрийн тур операторуудын холбоо, Архангай, Төв, Дорноговь аймгийн аялал жуулчлалын холбоо, Адал явдалт аялал жуулчлалын салбар холбооны төлөөлөл, 21 аймгийн аялал жуулчлалын салбарын албан хаагчид оролцжээ. 

Холбоотой мэдээ