Их Британид нэг удаагийн электрон тамхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-06-02 18:12:31

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /AP/. Их Британид хүүхдүүд электрон тамхи хэрэглэхийг таслан зогсоох, хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд хортой химийн бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглох шийдвэр ням гаргаас орон даяар хэрэгжиж эхэлжээ.


Уг шийдвэрийн дагуу жижиглэн худалдаачдыг никотин агуулсан эсэхээс нь үл хамааран ийм төрлийн электрон тамхийг цахимаар болон дэлгүүрт худалдаалахыг хориглох юм. Харин дахин ашиглах боломжтой электрон тамхийг зарах боломжтой хэвээр байх ажээ.


Сургуулиудад нэг удаагийн электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, уг бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа гарах хог хаягдлын хэмжээ ихэссэний дараа дээрх арга хэмжээг авч байна. Их Британид долоо хоног тутам 5 сая орчим нэг удаагийн электрон тамхийг дахин боловсруулахгүйгээр хогийн саванд хаядаг гэсэн тооцоо гарчээ.


Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэглээ нь асар хурдацтай өсөн нэмэгдэж буй электрон тамхины зах зээлд зохицуулалт хийхийг дэлхийн хэд хэдэн улс эрмэлзэж байна. Тухайлбал, Австрали улс электрон тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хязгаарлалтын хүрээнд өнгөрсөн оноос эмийн сангаас гадуур ийм тамхи зарахыг хориглосон бол Бельги улс энэ оны эхээр нэг удаагийн тамхи хэрэглэхийг хориглосон Европын анхны улс болсон юм. Калифорни муж улсын хувьд АНУ-д шинэ дүрэм журмыг нэвтрүүлэхэд тэргүүн эгнээнд явж байна.

Холбоотой мэдээ