ХОВД: Хар-Ус нуурт анх удаа их цагаан хотон шувуу бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-05 11:42:49

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Хар-Ус нуур.


Энэ нь 1153 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм.


Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж байгааг судалгаагаар тогтоосон байдаг.


Хар-Ус нуур орчимд 13 байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэд өнгөрсөн зун хяналт, судалгаа хийхэд тус нуурт 274 зүйл шувуу зусжээ. Үүний 56 нь борцгор хотон шувуу байв. 


Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт шувуу ажиглах цамхаг бий. Хамгийн сүүлд гэрэл зураг сонирхогчид Хар-Ус нуур орчимд шувуу ажиглах аялал хийжээ. 


Тус газарт он гарсаар их цагаан хотон шувуу гэх нэгэн шинэ төрөл зүйл бүртгэгдсэн байна. 


Дэлхийд цагаан хотон шувууны 8 зүйл бий. Үүнээс Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй их цагаан хотон (Pelecanus onocrotalus) шувуу Хар-Ус нуурт өнөө жил иржээ. Түүний зургийг Х.Энхжаргал 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр авч баталгаажуулсан байна.

Борцгор хотонгоос арай өөр, хавдаж булдруутсан эвэр мэт овойсон духтай, тод ягаан шар, цайвар цэнхэр хошуутай. Бусад хотон шувуунаас ялгах цорын ганц онцгой шинж нь дух юм. Цагаан хотон шувууд үржлийн үедээ ийм кератин хэлбэртэй булдруу мэт эвэртэй болдог аж.


Их бие нь цагаан, богино сэвсгэр туг сүлдтэй, дагзнаас хүзүүний ар хэсэг хүртэлх нь бага зэрэг ягаан туяатай хэрнээ урд хэсэг нь цайвар шаргал өнгөтэй. Жигүүрийн анхдагч өд нь тод хар, сүүл хэсэгтээ цайвар үзүүр бүхий цагаан гол, нарийхан хар захаар чимэглэгдсэн сэрэмгэр цагаан өдтэй. Булдруутай эвэртэй мэт духнаасаа нүд хүртлээ дэгжин ягаан өнгөөр хүрээлсэн маш өвөрмөц энэ шувууны зургийг шувуу судлаач нарт илгээхэд их цагаан хотон болохыг таньжээ.


Холбоотой мэдээ