Норвегт жуулчдын татварыг нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ОСЛО, 2025 оны зургаадугаар сарын 6 /AFP/. Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор олны хөлд хэт дарагдаж болзошгүй гэх болгоомжлол үүсээд буй энэ үед дэд бүтцийг сайжруулах ажлыг санхүүжүүлэх зорилгоор жуулчдын татварыг нэвтрүүлэх тухай хуулийг Норвегийн хууль тогтоогчид баталжээ.
Уг хуулийн дагуу жуулчдыг түр байрлахад гурван хувийн татвар ногдуулахаас гадна жуулчид их очдог бүс нутгуудад түр зогсох аяллын хөлөг онгоцуудыг ч мөн хамруулж магадгүй байна. Норвегийн үзэсгэлэнт фиордууд /хадан хясаа руу түрж орсон тэнгисийн хоолой/ нь жуулчдын сонирхлыг улам бүр татах болсноор өнгөрсөн онд тус улсад хамгийн олон буюу 38.4 сая хүн өдрөөр аялсны 12 сая гаруй нь гадаадын иргэд байжээ.
Гэсэн хэдий ч зарим газарт нийтийн бие засах газар, автомашины зогсоолууд олны хөлд дарагдаж, нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Татвараас цуглуулсан хөрөнгө мөнгийг зөвхөн аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад зориулах ажээ.