Д.Сандуй агсны нэрэмжит шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-06 23:38:47

Говь-Алтай аймагт Шатрын сургууль байгуулагдаад 22 дахь жилдээ сургалтын ажлаа явуулж байна. Өсвөрийн багачуудыг оюуны спортод дуртай болгох, тэдний сэтгэлгээг системтэй хөгжүүлэх зорилгоор байнгын сургалт явуулахын зэрэгцээ аймгийн хэмжээнд уралдаан тэмцээнийг тогтмол явуулдаг байна.

Саяхан тус сургууль дээр шатрын спортын дэд мастер Д.Сандуй агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг түүний хань, үр хүүхдүүд нь аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд ахмад, залуучууд, өсвөр үеийн 60 орчим шатарчин оюун ухаанаа уралдуулснаас нэгдүгээр байрыг дэд мастер Д.Жаргалсайхан 7.5 оноогоор, 2-р байрыг 1-р зэргийн тамирчин “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Б.Баярмагнай, 3-р байрыг АШУҮИС-ийн оюутан нэгдүгээр зэргийн тамирчин Т.Энх-Амар нар эзэлсэн байна. Мөн ахмад, өсвөр үе, эмэгтэй шатарчдаас сайн тоглосон шатарчдад тусгай шагнал олгожээ. Шатрын спортын шагнал урамшуулал бага байдагт анхаарч бид мөнгөн шагналыг нэмэгдүүлж байгаа бөгөөд цаашид жил бүхэн уламжлал болгон явуулна хэмээн Сандуй агсны гэр бүл шатрын спортын дэд мастер Ж.Дашдаваа өгүүлж байлаа. Тэдний үр хүүхдүүд, ач, зээ нар бүгд шатарчид ажээ.

                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ