Дөргөн нуурт хун шувуу өвөлждөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-08 10:47:35

Хар ус нуурын үргэлжлэл Хар нууртай залгаа орших Дөргөн  нуур говийн томоохон нууруудын нэг юм. Нутгийнхан нь "Манай Дөргөн нутаг  нууранд нь хун хоргодож, нутагт нь  хүн хоргоддог сайхан нутаг"  хэмээн бахархдаг.

Усны хэм өвөл өнгөндөө 0,2-0 градус хүртэл буурч багасах ба ёроолдоо 2-2,5 градусаас үл хэтэрнэ.Бусад нуураас орой хөлдөж тухайлбал 11 сарын сүүлчээр, хавар 4 сарын эхээр гэсч цэлмэдэг учир нууранд  гангар хун, зарим  зүйлийн нугас зэрэг  шувуу өвөлждөг. Түүний дотор хун шувуу хосоороо амар амгалан өвөлжиж өвөл 11 сар хүртэл нууранд дунд хөвж харагддаг.

Энэ нуур 311 хавтгай дөрвөлжин км талбайтай, хамгийн өргөн нь 16,8 км, дундаж нь 12,7 км хүрнэ.

Дөргөн нуурын эргийн байдал бусад нуурыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойд талаас 50-100 м харьцах өндөртэй Бага нуурын манхан элс уснаа түрж нуурын ёроолыг хучна. Нуурын баруун талд Бумбат хайрхан уулын ар хормой болох Таван харын тал хэмээх нуур,  уруугаа хэвгий тал үргэлжилж, говийн хайргаар хучигдсан байна.

Дөргөн нуур гуравдагч галав буюу түүнээс өмнөх үеийн нуурын хурдас болох хөрзөн чулуун дээр суурилсан учраас лаг нааги хурдас маш бага хэмжээний талбайг эзэлнэ. Харин элс элсэнцэр хурдас нуурын зүүн хойд ёроолыг бүхэлд нь хучдаг байна.

Нуурын дулаан горим бусад нууруудтай харьцуулахад нэлээд өвөрмөц ялгаатай. Асар их давстай учраас маш нимгэн хөлддөг, мөс нь бат бэх бус, маш хэврэг учир тээвэр зорчих боломжгүй.

А.Бямбасүрэн

  

Холбоотой мэдээ