Сүхбаатар суманд агаарын чанарын нарийвчилсан хэмжилт хийх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-09 13:43:57

Сэлэнгэ аймгийн зарим сумдын хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулах ажлыг сарын хугацаатай хийж дууслаа.  

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд агаарын чанар доройтсон байдал ажиглагдсан учраас агаарын чанарыг тодорхойлох нарийвчилсан хэмжилт хийх шаардлагатай болжээ.

Тухайлбал энэхүү агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоор Сүхбаатар сумын Дулааны цахилгааны станцын орчим буюу 8-р багийн нутаг дэвсгэрийн иргэд, мөн Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэг, 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Туж” сургалтын төв, 2-р багийн нутаг дэвсгэр дэх 60-н айл, Сүхбаатар депо орчимд орчны агаар бохирдлын нарийвчилсан хэмжилт хийх зайлшгүй шаардлагатай байсан нь анхаарал татсан байна. Уг тооллого нь аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах, агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулахад чиглэгддэг аж. Тооллогод тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын 14 багийн ердийн галлагаатай 5022 өрх хамрагдсан байна. Тооллогын үеэр эдгээр сумдын ердийн галлагаатай айлууд сүүлийн үед сайжруулсан зуух хэрэглэх нь болжээ. Тухайлбал зөвхөн энэ онд л гэхэд нийт 159 орчим өрх шинээр сайжруулсан зуух тавьж, төвлөрсөн дулаан хангамжийн системд 100 гаруй өрх, байгууллага холбогдсон байна.

Уг тооллогыг БОНХАЖС-ын А/181 тушаал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/229 тоот захирамжийн дагуу зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ