Лазерын зэвсгээр тоноглосон анхны танкийг Туркт танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-07-23 16:58:26

ИСТАНБУЛ, 2025 оны долоодугаар сарын 23 /Anadolu/. Истанбул хотноо болж буй зэвсэг техникийн "IDEF 2025"  үзэсгэлэнгийн үеэр Туркт бүтээсэн байлдааны шинэ төрлийн системийг танилцуулжээ. “ALKA-KAPLAN” хэмээн нэрлэсэн уг систем нь нисгэгчгүй онгоц эсэргүүцэх лазер зэвсгээр тоноглогдсон дэлхийд анхны гибрид танк ажээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, уг машин бодит нөхцөл байдалд ашиглахад үр ашигтай гэдгээ харуулсан нь цаашид цувралаар үйлдвэрлэх, гадаадын зах зээлд экспортлох боломжийг нээж байна.


Сургуулилалтын үеэр ALKA-KAPLAN систем нь арилжааны зориулалттай квадрокоптер, байлдааны хошуутай дрон, радараар илрүүлэх магадлал бага  жижиг хэмжээтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг олон төрлийн нисгэгчгүй онгоцуудыг илрүүлэн устгажээ. 


Тус системийг бүтээхдээ радиоэлектрон саадын нөхцөлд хэрхэн ажиллахад онцгойлон анхаарсан бөгөөд GPS ашиглахгүйгээр байг онож устгасан нь өнөөгийн зэвсэгт мөргөлдөөнд туйлын чухал үзүүлэлт болж байна.


“ALKA-KAPLAN бол зүгээр нэг концепц биш ээ. Энэ бол тулааны талбарт хүчний харьцааг өөрчилж чадах бэлэн шийдэл юм” хэмээн уг зэвсгийг бүтээсэн “ROKETSAN” компанийн төлөөлөгч мэдэгджээ.


KAPLAN гибрид гинжит платформын давуу тал нь нэмэлт эрчим хүчний төхөөрөмжгүйгээр лазер зэвсгийг шууд тэжээдэг цахилгаан үүсгүүртэй юм. Энэ нь зөвхөн машины автомат ажиллагааг нэмэгдүүлээд зогсохгүй дулаан болон дуу чимээгээр илрэх байдлыг бууруулдаг ажээ. 


Туршилтын явцад ALKA-KAPLAN систем нь чимээгүй горимд 8 цаг хүртэл тасралтгүй ажиллаж чадах нь батлагдсан бөгөөд энэ нь шөнийн ажиллагаа, нууцаар байрлуулах ажиллагаа явуулахад чухал юм.


Одоогоор Туркийн инженерүүд ALKA-KAPLAN системийг агаарын довтолгооноос хамгаалах бусад бүрэлдэхүүн хэсэгтэй, тухайлбал, KALKAN радарын систем болон дрон эсэргүүцэх зөөврийн цогцолборуудтай холбохоор ажиллаж байна. Ингэснээр тулааны талбарт олон давхаргат агаарын хамгаалалтыг бий болгох боломжтой болно. 


ALKA-KAPLAN системийг Туркийн армийн зэвсэглэлд ойрын нэгээс хоёр жилийн хугацаанд хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа бөгөөд үүний дараа гадаадын зах зээлд экспортлох төлөвтэй байна.



Холбоотой мэдээ