Камчаткийн цунами: Японд хоёр сая, Чилид 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-07-31 10:39:52

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 31 /BBC/. Камчаткийн эрэгт хүчтэй газар хөдөлсний дараа хэд хэдэн улсад цунамийн аюулын түгшүүр зарласан билээ. Японд 2 сая орчим хүнд нүүх зөвлөмж өгсөн бол Чилийн эрх баригчид 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдөлсөн эхний өдрийн орой Номхон далай эрэг орчмын ихэнх улсад цунамийн сэрэмжлүүлгийг цуцалж, аюулын зэрэглэлийг бууруулсан байна. 


1.3 метрийн өндөртэй цунамийн давлагаа Камчаткагаас 12 мянган километрийн алсад орших Өмнөд Америкийн Эквадор улсад хүрчээ. Цунамийн давлагааны өндрийг ихэвчлэн эрэг рүү цалгин орж ирж буй өндрөөр биш, харин далай, тэнгисийн түвшнээс дээш үүссэн өндрөөр хэмждэг. Далайн эрэг дээрх олон метрийн өндөр давалгаа нь далайн гадаргуу дээрх жирийн давлагаа төдий бөгөөд эрэг рүү ороод буцдаг энгийн үзэгдэл юм. Харин далайн доорх газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами бол  "урт" давлагаа байдаг тул эргийн нам дор хэсгийг бүхэлд нь усанд автуулдаг.


Япон

Камчаткийн эрэгт газар хөдөлсний дараахан Японд цунамийн аюулын түгшүүр зарласан байна. Тус улсын эрх баригчид Номхон далайн эргийн дагуух 220 гаруй хот суурингаас 2 сая шахам хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.


Фүкүшимагийн атомын цахилгаан станцын /АЦС/ ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. Станцын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй гэж станцын оператор компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. 2011 онд энэхүү АЦС-д хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах цунамийн улмаас осол гарч байсан юм.


Ойролцоогоор 30 см өндөртэй эхний давлагаа Хоккайдо арлын зүүн хойд хэсгийн боомт хот болох Немүрод хүрчээ. Токио хотын эргийн Харүми дүүрэгт 20 см өндөртэй давалгаа бүртгэгдсэн байна. Эргийн бүсүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, Мияги муж дахь Сендай нисэх онгоцны буудлыг хаасан байна.


"Mainichi" сонинд бичсэнээр, "Nissan" компани Канагава болон Ибараки муж дахь үйлдвэрүүдээ зогсоожээ. Мөн "Seven-Eleven" зэрэг сүлжээ дэлгүүрүүд эргийн бүс нутаг дахь салбаруудаа түр хаасан байна.


"Asahi TV" телевизээр мэдээлснээр, Миэ мужид 58 настай эмэгтэй амиа алдсан байна. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр түүний жолоодож байсан авто машин нь ангал руу унажээ. Одоогоор эрх баригчид хүний амь эрсэдсэн талаар мэдээлээгүй байна.


1952 онд Камчаткийн эрэг орчимд 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Номхон далайн эрэгт цунамийн давлагаа 3 метрт хүрч байсан бөгөөд тухайн үед 1200 орчим байшин усанд автаж байжээ.


Хавай болон АНУ-ын эх газрын зарим хэсэг

Цунамийн аюулын түгшүүрийг Хавайн арлууд дээр мөн  зарлажээ. Барилгын дор хаяж дөрөвдүгээр давхарт гарах эсвэл өндөрлөг газар руу явахыг эргийн оршин суугчдад анхааруулсан байна.


Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зарласны дараа Хавайн хамгийн том арал болох Биг Айландад түгжрэл үүсэж, Хонолулугийн шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсжээ.


Цунамигаас сэрэмжлүүлэх үндэсний төвийн (NTWC) мэдээллээр, лхагва гаргийн өглөө Хавай, Аляск, Калифорни, Орегон болон Вашингтоны эрэг орчмын томоохон хотуудад сэрэмжлүүлэг хүчин төгөлдөр үйлчилж байв. Үдээс хойш гамшиг дагуулах үер, давлагааны аюул багасаж, зарим газарт аюулын зэрэглэлийг бууруулж, зарим газарт цуцалсан байна.


Хавайн захирагч Жош Грин мэдэгдэхдээ, хоёр орчим метрийн өндөртэй давлагаа бүртгэгдсэн боловч одоогоор “ноцтой уршиг дагуулах давлагаа” ажиглагдаагүй байна гэжээ. Жижиг хэмжээний цунамийн давлагаа Хойд Америкийн эрэгт хүрсэн байна.


Хавайн бүлэг арлын хоёр дахь том арал болох Мауигийн худалдааны боомтуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан байна. Кахулуи хотод давлагаа 1.74 метр хүртэл өндөр хүрсэн бол Хило хотод 1.5 метрийн өндөр давлагаа бүртгэгджээ.


Хэдэн цагийн дараа эрх баригчид цунамийн аюулын түвшнийг бууруулж, нүүн шилжсэн иргэдийг гэр орондоо буцахыг зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч эхний давлагаануудын дараа хэдэн цаг, бүр хэдэн өдрийн туршид аюултай урсгалууд үргэлжилж болзошгүй гэдгийг анхааруулсаар байна. Япон болон Хавайн хооронд орших Мидүэй арлууд дээр давлагаа 1.8 метрийн өндөрт хүрчээ.


Цунамийн сэрэмжлүүлгийг мөн АНУ-ын эх газар болон Канад улсад гаргажээ. Калифорни муж улсын хойд хэсэгт орших Кресент-Сити хотод давлагаа 1.1 метр хүрч, Сан-Францискогоос хойш орших Арена-Коувт 0.5 метрийн өндөр давлагаа бүртгэгдсэн байна.


Өмнөд Калифорни болон Канадын Британийн Колумби мужуудад цунамийн сэрэмжлүүлгийг бүрэн цуцалжээ. Токио хотоос урд зүгт 2 500 км-ийн зайд орших Америкийн Гуам аралд мөн цунамийн анхааруулгыг цуцалсан байна. Эрх баригчид давлагааны аюул одоо үгүй болсон хэмээн мэдэгдсэн боловч дараагийн өдөр хүчтэй усны урсгал үргэлжлэх эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.


Бусад улс оронд

Колумбийн эрх баригчид далайн эргийн бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зарлажээ. Чили улсад эргийн бүс нутгийн 1.4 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Перу улсад 121 боомтын 65-ыг түр хугацаагаар хаажээ.


Эквадорын Тэнгисийн цэргийн флотын Далай судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, тус улсын эрэгт 1.3 метрийн өндөртэй цунамийн давлагаа  хүрчээ. Европт шөнө эхлэх үед Эквадорын эрх баригчид цунамийн аюулын түгшүүрийг цуцалсан байна. 


Номхон далайн арлын орнууд болох Фижи, Самоа, Тонга, Микронези, Соломоны арлуудын эрх баригчид оршин суугчдад далайн эргээс хол байх, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авахыг анхааруулсан ч гэр орноо орхихыг шууд уриалаагүй байна.


АНУ-ын Далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газраас Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд болон Вануатуд цунамийн түгшүүр зарласан байна. Индонезын эрх баригчид Папуа арал дээр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлсэн бол Хятадын зарим бүс нутаг, тэр дундаа Шанхай хотод цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргасан ч удалгүй цуцалсан байна.


Холбоотой мэдээ