Дарханы Дулааны Цахилгаан станц 912.2 сая төгрөгийн авлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат болон аймгийн ИТХ-ын Хяналтын хороодын гишүүд “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж тэдний тулгамдаж болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Тус станцыг 1961 онд барих шийдвэр гарч 1963 онд суурийг нь тавьж 1965 оны 10 дугаар сарын 2-нд анхны эрчим хүчийг үйлдвэрлэж Дархандаа түгээж эхэлсэн. Эднийх нийт 461 ажилтан, албан хаагчтай дөрвөн зуух, дөрвөн машин ажиллаж цагт 38-48 мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Оны эхний есөн сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлтээс 22.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж төлөвлөснөөс 1.9 сая квт-аар түгээлт давж биелснээр 40.5 сая төгрөгийн орлого илүү олжээ.
Дулааны эрчим хүчний түгээлтээс 1.81 тэрбум төгрөгийн орлого олж төлөвлөснөөс түгээлт 5.3 мянган Гкалл тасарсаны улмаас 65.0 сая төгрөгийн орлого буурсан. Нийт дүнгээр 24.78 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж дээрх хугацаанд нийт авлага 2086.6 сая төгрөг болж оны эхнээс 977.5 сая төгрөг буюу 32.0 хувиар буурсан. Үүнээс борлуулалтын авлага 912.2 сая төгрөг болж өнгөрсөн оноос 1643.6 сая төгрөг буюу 64.3 хувиар багассан. 2016 оны эцэст дээрх авлагыг өсгөхгүй байхаар ажиллаж байна. 2016 оны эхний 9 сард 2515.2 сая төгрөгийн өглөгтэй ажилласан нь өглөгийг оны эхнээс 705.0 сая төгрөг буюу 21.9 хувиар бууруулсан. Үүнээс хоёр уурхайд 561.3 сая төгрөгийн өглөгтэй гарсан нь өнгөрсөн оны төвшинд байна гэж тус станцын гүйцэтгэх захирал н.Чимэддорж танилцуулав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын ахалсан тус ажлын хэсэг станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад цаашид гадаад харилцаа болон төлөвлөгдсөн бусад ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.
Б.Норовсамбуу