СЭЛЭНГЭ: ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тариалангийн талбайн хөрс хамгаалал, үржил шимийг сайжруулах зорилгоор хийж буй ажилтай танилцав
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 12
/МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр албаны
хүмүүсийн хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Атар-4
тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа Тариалангийн
талбайн хөрс хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор хийж буй ажлуудтай
танилцлаа.
Сэлэнгэ
аймаг "Атар IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ
хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлэх үүднээс энэ жил 7425 га тариалангийн талбайг
хашаажуулан, төмс хүнсний ногоог хадгалах механикжсан зоорийн багтаамжийг 2000
тн-оор нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Салбарын
сайд Орхон сумын Шийрийн бригадын эрт ургацын төмсний хураалт болон тариалангийн
12 км талбайд хийсэн хамгаалалтын агро ойн зурвас, хашаажуулалтын байдлыг
газар дээр нь үзэж сонирхсон байна.
Тэрбээр Сэлэнгэ
аймагт брэнд болсон эрт ургацын ногооны гарц, улаан буудайн болц, хэмжилтүүдийг
талбай дээр нь очиж танилцан тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож зарим арга
хэмжээг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тус аймгийн зарим сумдаар гантай хуурайшилт ихтэй байгаа ч газар тариалангийн
компаниуд болон хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалагчид ХХААХҮЯ-наас
олгосон худаг, усалгааны систем зэрэгт тулгуурлан ургац алдахгүйн төлөө өдөр
шөнөгүй ажиллаж байгаагаа салбарын сайддаа ярилаа.