“Lumino” хамтлаг “The one” тоглолтоороо 44 дууг тайзнаа эшиглүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын хип поп урлагийн “Lumino” хамтлаг “The one” тоглолтоо “Social pay” паркт энэ сарын 16-нд толилуулна.
Тус хамтлаг 2006 онд хийсэн тоглолтдоо 30 дуу дуулж байсан бол энэ удаа дөрвөн цагийн турш тайзнаа 44 дууг тасралтгүй дуулж үзэгчдэдээ хүргэх гэж буйгаараа онцлогтой.
"Манай хамтлагийн 27 жилийн түүхэнд хамгийн онцгой, томоохон хэмжээний бие даасан тоглолт байх болно" гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Lumino” хамтлагийн гишүүн Д.Тэмүүжин тодотгов.
Тэрбээр, “Бид 2024 оноос тоглолтын бэлтгэлээ хийж эхэлсэн. Тоглолтод урилгаар “Татар” хамтлаг оролцож хамтарсан дуугаа хүргэнэ. Мөн шинэ уран бүтээлээ тоглолтын дараа цацна. Тоглолт амьд болон DJ хөгжмөөс бүрдэнэ. Бид пянзны тухай олон удаа ярьж байсан. Анхны “Best of Lumino Vol.1” 10 дуутай пянз өчигдөр хэвлэлтээс гарсан. Эхний пянзанд “Бүтэлгүй хайр”, “Lumino энд гарч ирэв”, “Ирээд буцсан хайр”, “Зам”, “Хүнийх”, “Сэмбий”, “Заримдаа”, “Насан туршдаа”, “Freestyle”, “GanjenJoo” зэрэг дуу багтсан. Мөн пянзны дуугаралт чухал учраас дууныхаа тохиргоог Германд хийлгэсэн. Удахгүй “Best of Lumino Vol.2” 10 дуутай пянзаа гаргахаар төлөвлөж байна. Бидний 2001 онд гаргасан “Lumino энд гарч ирэв” анхны цомог дотроо пянзны зурагтай байдаг. Бид 19, 20 настай байхдаа пянз гаргахыг мөрөөддөг байсан. Үүнээс хойш 27 жилийн дараа ийнхүү биеллээ олж, тоглолтоо хийхээс өмнө пянзаа гаргасандаа баяртай байна” гэв.
Ташрамд дурдахад,
цаг барих соёлд суралцаж, цагтаа ирсэн эхний 2000 хүнд “Хэмнэл нэрэгч” цомгоо
үзэгчдэдээ хүндэтгэж буйгаа илэрхийлж бэлэглэх ажээ.