“General Motors” компани шинэ Ерөнхийлөгчийн лимузинг туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-10 13:22:55

НЬЮ-ЙОРК. /Foxnews/. Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх тэр өдөр Д.Трамп хоёр ширхэг түлхүүр гардан авах төлөвтэй байна. Нэг нь түүний амьдрах Цагаан ордны түлхүүр бол нөгөөх нь цоо шинэ лимузины түлхүүр ажээ.

Одоогоор хараахан бэлэн болоогүй байгаа боловч “General Motors” компани Ерөнхийлөгч Б.Обамагийн унаж байсан “Beast” хэмээх автомашиныг орлож чадахаар лимузин машиныг туршиж байна.

Одоогийн Кадиллак брэндийн автомашиныг сайжруулсан хувилбар байж болох автомашиныг “General Motors” компани туршиж байгааг папарациуд гэрэл зургийн дурандаа буулгаж чаджээ.

Шинэ машины талаарх нарийн мэдээлэл байхгүй байгаа хэдий ч уг машин Кадиллакын хамгийн сүүлийн загварыг өөртөө шингээсэн байх бөгөөд босоо LED гэрэл болон компанийн шинэ логог хамарны голд нь байрлуулсан тухай бичиж байна.

“Beast”-ийн талаарх мэдээллүүд нь үндэсний аюулгүй байдлын нууцлалд багтдаг аж. Уг машин суудлын жижиг тэрэг мэт харагддаг боловч "зүсээ хувиргангуут" дунд даацын ачааны машиныг санагдуулах аж. Б.Обама уг машины талаар Жерри Сайнфелдэд ярихдаа “яг л танкны раман дээр хийсэн гэсэн үг” гэжээ.

15 000- 20 000 фунт жинтэй уг тансаг зэрэглэлийн машин нь зорчигчийг гэнэтийн халдлагаас хамгаална. Уг машин нь сайжруулсан тэсрэх төхөөрөмж болон танк эсэргүүцэгч сумны цохилтыг даах бөгөөд химийн зэвсгийн халдлагын үед цэвэр агаараар хангана.

АНУ-ын Нууц албанд уг машинтай ижил төстэй өөр хэд хэдэн автомашин байдаг бөгөөд нэг бүрийнх нь үнэ 1.5 сая доллар гэнэ. Шинэ машины талаар “General Motors” компани ямар нэг мэдэгдэл хийгээгүй боловч ерөнхийлөгчийн унах лимузины шинэ загварыг 2017 онд бэлэн болгохын тулд ойролцоогоор 16 сая долларын гэрээ байгуулсан гэх яриа байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ