Монгол-Оросын Архивын баримт бичгийн үзэсгэлэнгийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-11-13 16:46:47

Орос улсын Гадаад хэргийн яамны Атриум танхимд  Монгол-Оросын хооронд дипломат  харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ойд зориулсан Орос улсын Гадаад хэргийн яамны Архивын баримт бичгийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Үзэсгэлэнг Орос улсын ГХЯ-ны Азийн Нэгдүгээр газрын дарга А.Б. Кулик  нээж хэлсэн үгэндээ, “1921 оны 11 дүгээр сарын 5- нд Зөвлөлт Оросын болон Монголын Ардын Засгийн газрын хооронд  дипломат харилцаа тогтоосны түүхэн ойг энэ өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэхүү гэрээ нь манай хоёр орны ард түмний хоорондын уламжлалт найрсаг хэлхээ холбоо, харилцан хамтын  ажиллагааг цаашид  нягт түншлэл, харилцан  хүндэтгэл дээр тулгуурлан хөгжүүлэхээр тусгасан алсын хараатай  баримт бичиг байсан. 

Чухамхүү Зөвлөлт Орос улс  Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг  дэлхий дахинд анх түрүүн хүлээн зөвшөөрснийг та бүхэн сайн мэднэ. Бид Монгол улсын үндэсний  тусгаар тогтнол, нийгэм-эдийн засгийн дэвшлийг олон улсын төдийгүй бүс нутгийн хэмжээний  ажил хэрэгт тууштай дэмжиж,  хатуу байр суурьтай  байдаг” хэмээн ноён А.Б.Кулик тэмдэглэв.

Тэрээр  цааш хэлэхдээ, Монгол улс нь ОХУ-ын найрсаг харилцаатай хөрш бөгөөд  стратегийн түншийн хувьд тус улсын гадаад бодлогод чухал байр  эзэлдэг хэмээн онцолсон юмаа. “Нөгөөтэйгүүр, Монгол улс  манай улстай дотно харилцаагаа хадгалж буйг   бид  үнэлдэг билээ" хэмээ Оросын дипломат  хэлсэн юм.

“Орос улсын Гадаад хэргийн яамны архивын түүхэн гэрэл зургууд нь  манай хоёр улсын түүхэн харилцаа болон манай хоёр ард  түмний хамтын ажиллагааны өнгөрсөн цаг үеийн хамгийн  чухал баримтуудыг мөнхлөн үлдээсэн.  Эдгээр нь  хоёр орны  гэрэл зургийн түүхэнд зохих  хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй юм” гэж  Монгол улсын ОХУ  дахь Элчин сайдын яамны элчин Зөвлөх ноён Г.Зоригт хэлэв. Тэрээр  цааш хэлэхдээ, Монгол, Оросын залуу хойч ирээдүйнхэнд түүхийн үнэн баримтат  гэрэл зургууд, баримт бичгүүдийг хадгалж үлдээж буйд нь ОХУ-ын ГХЯ-ны Архивын газарт бид талархаж байна” хэмээн цохон  тэмдэглэв.

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд 1921 оны 11 дүгээр сарын 5 -ны өдрийн хоёр улсын түүхэн дэх Анхны гэрээ, манай Ардын засгийн төлөөлөгчдийн Кремльд 1925 онд авахуулсан түүхэн гэрэл зургууд,  1936 оны Засгийн газар хоорондын харилцан туслалцааны тухай гэрээ, БНМАУ-ын тэргүүн Хорлоогийн Чойбалсангийн Зөвлөлтийн Улаан Армийн дайчдад Монголын ард түмний илгээсэн бэлгийн цувааны тухай бичсэн бүлээн дулаан үгтэй захидлыг  үзэсгэлэнгийн самбарт томруулж тавьсан байлаа.

Мөн ЗСБНХУ-ын Төрийн Дээд зөвлөлийн дарга, ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нарын Улаанбаатар хотноо авахуулсан зураг/1966он/, Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар Орос улсын Ерөнхийлөгч Владимир Путины  2000 онд  Монгол улсад хийсэн анхны айлчлалын үеэр байгуулсан Улаанбаатарын Тунхаглал зэрэг бусад олон чухал баримт бичгийг  гэрэл  зургийн хамт үзэсгэлэнд толилуулжээ.

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан Оросын ГХЯ -ны  Архивын баримт бичгийн үзэсгэлэнд  ОХУ дахь Монгол улсын Элчин сайдын яамны дипломатууд, Орос улсын ГХЯ-ны  дипломатууд, Оросын улс төрчид, Монгол судлалын нэрт эрдэмтэд,Орос, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ