Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр эмнэлэг барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-16 18:08:01

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хоёр давхар, 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтад орууллаа.

Энэ оны 6 дугаар сараас эхлүүлсэн уг барилгын ажил дуусч 11 дүгээр сарын 15-нд ашиглалтанд өгсөн нь энэ юм. Тус сум  1700 гаруй иргэнтэй бөгөөд хамгийн холын дуудлага 100 км-т явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж орон нутгийнхан үзэж байна.

Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийг Оюу толгой ХХК-нийн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 1 тэрбум, 88 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан байна. Уг эрүүл мэндийн төвийн нээлтэнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, нийгэм эдийн засгийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал нар болон холбогдох албаны хүмүүс, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж амжилт хүслээ.

Шинэ эмнэлэгт тохижилтын тоног төхөөрөмж шаардлагатай ба аймгийн ЗДТГ-аас төрөх эмэгтэйчүүдийн ор, нярайн дулаацах ширээ, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч зэрэг нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ