Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-11-18 17:23:09

Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнхтулга нар томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлыг хэлэлцүүлж, ОБГ-ын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Бэрх тосгон, Батноров, Норовлин сумдад ажиллаж, аймгийн Засаг даргад нөхцөл байдалтай холбогдуулан 17 заалт бүхий зөвлөмж өгөв.

Тухайлбал аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг томилж цагаан зуд, цагаанаар зудархуу нөхцөл байдалд дахин нарийвчилсан үнэлгээ хийх, зудын нөхцөл байдлыг зураглах, зудын нөхцөл байдал үүссэн үед онцгой байдал, гамшиг үүссэн талаар аймгийн Засаг дарга зарлах эсэхээ шийдэх, тусламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, аюулгүйн өвс, тэжээлийг хангалтгүй бэлтгэсэн сумын удирдлагатай хариуцлага тооцох, зудын гамшгийн үед аймгийн түвшинд, сумын түвшинд, багийн түвшинд, голомтод яаж ажиллах, хаашаа нүүн шилжих бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Засаг даргын албан даалгавар гаргах зэргийг зөвлөмжид тусгажээ.

Мөн аймгийн Онцгой комиссын гишүүд малчны хотонд, өрхөд хүрч очиж ажиллах, сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх, төрийн ажлыг яаралтай хэвийн үйл ажиллагаанд оруулахыг зөвлөсөн байна.

Өнөөдрөөс эхлэн 20-ныг хүртэл өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, гэнэтийн онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд сэрэмжлүүлж байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ