Эрүүл мэндийн салбар хүнсийг эрдсээр баяжуулахад онцгой анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-22 16:51:44

"Монгол хүний зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг селенээр баяжуулах, эрсдэлтэй бүлгийн хүн амд селений бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх талаар бодлогын бичиг баримтад тусгах, нэвтрүүлэх шаардлагатайг өнөөдөр болсон "Хүний эрүүл мэндэд үзүүлэх селений ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. 

Селен нь хүний бие организмд маш чухал үүрэгтэй элементийн нэг, хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг бөгөөд хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж, эрт хөгшрөлтөөс сэргийлэх ач тустай эрдэс бодис аж.

Хэлэлцүүлэгт НЭМХ-ийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогт "Селен микроэлемент, түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол", НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга, Анагаах ухааны доктор Ж.Батжаргал "Насанд хүрсэн монгол хүний сийвэн дэх селений дундаж хэмжээ, зарим өвчний харилцан хамаарал", Тахианы өндгийг селенээр баяжуулж буй олон улсын туршлага сэдвээр "Alltech компани" танилцуулга хийж, тус тус илтгэл тавьсан юм.

НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга, Анагаах ухааны доктор Ж.Батжаргал илтгэлдээ, "Насанд хүрсэн, харьцангуй эрүүл, Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ 0.78 umol/л байгаа бөгөөд хүйсийн хувьд ялгаагүй, нас ахих тусам селений хэмжээ буурч, 60-аас дээш насны хүмүүсийн дунд бага байна" хэмээн дурдав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Селен нь хүний биед маш бага хэмжээгээр агуулагддаг ч эрүүл мэнд, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Селений дутагдал нь хүний дархлааг бууруулж элдэв өвчин, хорт хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сулруулдаг. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу баяжуулсан органик хүнс хэрэглэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн салбар эрүүл хүнс үйлдвэрлэл, хүнсийг эрдсээр баяжуулах асуудалд онцгой анхаарна” гэв.

Тус хэлэлцүүлгийг ЭМЯ, ХХААХҮЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, "Түмэн шувуут" ХХК хамтран зохион байгуулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ