Өмнөговь аймагт 10 сумын Засаг даргыг батламжлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ2016 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д МАН-аас 2 гишүүн, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд АН-14, МАН-19 суудал авч олонх болж, ялалт байгуулсан. Харин өнгөрөгч сарын 19-нд явагдсан орон нутгийн сонгуулиар 3 суманд АН, 12 суманд МАН олонх болж, сумын засаг захиргааны эрхийг авах боломж бүрджээ.
Энэ дагуу сумд анхдугаар хуралдаанаа хийж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгон, аймгийн Засаг даргад батламжлуулахаар өргөн барьж 10 сумын Засаг даргыг батламжлаад байна. Уншигч та бүхэндээ сум тус бүрийн анхдугаар хуралдааны талаар товч мэдээлэл хүргэе.
ХАНХОНГОР сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Т.Наранжаргалыг томилогдсон байна. Харин сумын Засаг даргаар А.Баяр-Эрдэнэ дахин сонгогдож, аймгийн Засаг дарга батламжлаад байна. Тус суманд МАН-19 суудал авсан бөгөөд АН-аас нэг ч хүн нэр дэвшээгүй юм.
БАЯНДАЛАЙ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй нээлттэй хуралдсан байна. Тус сумын ИТХ-ын даргаар Л.Бурмаа томилогдсон бөгөөд 5 дахь удаагийнхаа сонгуульд ялалт байгуулан төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Харин сумын Засаг даргаар Л.Батбаатар сонгогдон, нэрийг нь аймгийн Засаг дарга батламжлаад байна. Л.Батбаатар нь 2008-2012 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай ажээ. Тус суманд МАН-12, АН-8 бие даагч 1 суудал авчээ.
БАЯН-ОВОО сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 10 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, ИТХ-ын даргаар Ц.Энхмандах томилогджээ. Харин сумын Засаг даргад О.Мандахбаяр сонгогдож, аймгийн Засаг даргад нэрийг нь батламжилсан байна. Тус суманд МАН-12, АН-2, бие даагч 2 суудал авсан аж.
БУЛГАН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Хуралдаанаар ИТХ-ын даргаар Б.Дамдинсүрэн томилогдсон байна. Тэрбээр сумандаа байгаль орчины мэргэжилтнээр ажиллаж байсан ажээ. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар Т.Мөнх-Алдарыг сонгож, аймгийн Засаг дарга нэрийг нь батламжлаад байна. Т.Мөнх-Алдар нь сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна. Тус суманд МАН-14, АН-7 суудал авчээ.
ГУРВАНТЭС сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр хуралдсан бөгөөд хуралд 31 төлөөлөгч ирэх ёстойгоос 30-нь ирсэн байна. Хуралдаанаар ИТХ-ын даргаар Б.Отгонбаяр томилогдсон байна. Тэрбээр сумандаа хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай ажээ. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар О.Баттогтохыг сонгож, аймгийн Засаг дарга нэрийг нь батламжилсан байна. О.Баттогтох нь тус сумын Засаг даргаар 2009-2012 онд ажиллаж байсан туршлагатай аж. Гурвантэс суманд МАН-16, АН-5 суудал авчээ.
ДАЛАНЗАДГАД сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 9-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Тус сумын ИТХ-ын даргаар Т.Мэндээ томилогдсон бөгөөд тэрбээр бизнесийн салбарт ажиллаж байсан нэгэн. Хуралдаанаар Т.Алтансүхийг сумын Засаг дарга, хотын захирагчаар сонгож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжлаад байна. Тус суманд МАН-16, АН-15 суудал авчээ.
МАНДАЛ-ОВОО сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, сумын ИТХ-ын даргаар Э.Мөнхбаярыг томилжээ. Тэрбээр сумынхаа ерөнхий боловсролын сургуульд физикийн багшаар ажиллаж байсан юм. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар Ц.Санжааг сонгож, аймгийн Засаг дарга нэрийг нь батламжилжээ. Ц.Санжаа нь сумынхаа Засаг даргаар 2008-2012 онд ажиллаж байсан юм. Тус сумын ИТХ-д МАН-10, АН-5 суудал авчээ.
МАНЛАЙ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 10 дүгээр сарын 31-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралдсан байна. Тус сумын ИТХ-ын даргаар өмнө нь хурлын даргаар ажиллаж байсан О.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн томилжээ. Хуралдаанаар тус сумын Засаг даргаар Г.Буянхүүг сонгож аймгийн Засаг дарга батламжлаад байна. Манлай суманд МАН-18, АН-3 суудал авчээ.
НОЁН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар М.Мөнх-Осор томилогджээ. Тэрээр өмнө нь Ганзагад багийн Засаг даргаар 4 жил ажилласан байна. Харин сумын Засаг даргаар Б.Батболдыг сонгож, аймгийн Засаг дарга батламжилжээ. Тус суманд МАН-12, АН-3 суудал авчээ.
НОМГОН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар Н.Буянхишиг томилогдожээ. Тэрбээр 2008-2012 онд сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Харин сумын Засаг даргаар Ц.Буяндэлгэр сонгогдож, аймгийн Засаг дарга батламжлаад байна. Ц.Буяндэлгэр нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Тус суманд МАН-14, АН-7 суудал авсан байна.
СЭВРЭЙ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 21 төлөөлөгчөөс 19 ирцтэй хуралджээ. Сумын ИТХ-ын даргаар Ч.Огтбиш томилогдсон байна. Тус хурлаар сумын Засаг даргаар Б.Батсайханыг дахин сонгож, аймгийн Засаг даргад уламжилжээ. Сэврэй суманд МАН-4, АН-17 суудал авсан аж.
ХАНБОГД сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, ИТХ-ын даргаар Ш.Эрдэнэжаргал томилогдсон байна. Тэрбээр тус сумын цэцэрлэгийн эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан байна. Мөн хурлаар сумын Засаг даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэндэвсамба сонгогдож, аймгийн Засаг даргад нэр нь уламжлагджээ. Б.Дэндэвсамба өмнө нь тус сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллаж байсан туршлагатай хүн юм. Ханбогд суманд МАН-8, АН-19 суудал авчээ.
ХҮРМЭН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 9-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар С.Эрдэнэбаярыг сонгожжээ. Тэрбээр тус сумын малчин байсан байна. Харин сумын Засаг даргаар Б.Ганболдыг үргэлжлүүлэн сонгож, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүлжээ. Хүрмэн сумын ИТХ нь МАН-аас сонгогдсон 4, АН-аас сонгогдсон 11 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.
ЦОГТ-ОВОО сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаанаа зохион байгуулж, сумын ИТХ-ын даргаар Ц.Батчулуун сонгогдож, сумын Засаг даргад Э.Чойжилсүрэнг нэр дэвшүүлж, аймгийн Засаг дарга батламжлаад байна. Э.Чойжилсүрэн нь 2008-2012 онд тус сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай хүн юм. Цогт-Овоо сумын ИТХ-д МАН-8, АН-7 суудал авчээ.
ЦОГТЦЭЦИЙ сумын ИТХурал анхдугаар хуралдаанаа 11 дүгээр сарын 7-ны өдөр хийж, сумын ИТХ-ын даргад Г.Бацмааг сонгож баталсан бол сумын Засаг даргад О.Бадарчийн нэрийг дэвшүүлэн сонгож батламжлуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. О.Бадарч нь 1992-2000 онд тус сумын Засаг дарга, 2000-2009 онд аймгийн ЗДТГазарт ажиллаж байгаад 2009-2014 онд аймгийн БОАЖГазрын дарга, 2014 оноос аймгийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байсан ажлын арвин туршлагатай хүн юм. Тус сумын ИТХ нь ирэх 4 жилд МАН-аас 18, АН-аас 9 суудалтайгаар ажиллах ажээ.
Д.Мишигсүрэн