Авто тээврийн ослын улмаас 17 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-23 17:50:39

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Сайншанд- Замын-Үүдийн чиглэлийн замд 12 ослын улмаас 17 хүн нас баржээ.

Зөвхөн Чойр хотоос Сайншанд чиглэлийн 230 км  газарт л гэхэд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8 удаа гарч, 9 хүн, Сайншандаас Замын-Үүд сум хүртэлх 210 км замд 4 осол гарч 9 хүн нас барсан мэдээ байна.

Ялангуяа  Японд үйлдвэрлэгдсэн приус маркын авто машин жолоодож яваад осол аваар гаргах нь элбэг байгааг албаныхан онцлов. Үүнээс гадна Замын-Үүдээс Улаанбаатарыг чиглэлд тээвэр хийж байгаа хүнд даацын авто машин  даац хэтрүүлж  засмал замыг эвдэж байгаа тохиолдол цөөнгүй байгаа аж. 

Тиймээс Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албанаас авто тээврийн хамгийн их осол гардаг газрыг судалж Дорноговь “АЗЗА” компанитай хамтран босоо тэнхлэгийн авто зам буюу Говьсүмбэр-Сайншанд чиглэлийн замд анхааруулах самбар, огцом эргэлттэй уруу замын голоор цацаруулагчтай товрууг  хоёр газарт суурилууллаа.

Мөн Сайншанд сумаас эгц хойш байх Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн  гурван замын уулзвар дээр хурд сааруулагч тавьж, замын цагдаагийн постыг ажиллуулсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ