Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурьт сургалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-29 18:16:30

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр хийж байгаа 3 дахь удаагийн үндэсний суурь сургалт өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ. 

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2013 оноос тус төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ “2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид байна. Манай төлөөлөгчдийн иргэд сонгогчидтойгоо хамтран ажиллах, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит судалгаанд үндэслэн хөтлөн урагшлуулахад энэ төсөл том хөрөнгө оруулалт хийж байна. Төлөөлөгч, Манлайлагчдад амжилт хүсье” гэв.

Тус сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн Сургагч багш аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорнод аймгийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Монгол Улсын гавъяат хуульч, Дорнод аймгийн Хурлын Төлөөлөгч Л.Түвдэнням нар хөтлөн явуулж байна. Сургалт маргааш өндөрлөнө.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ