Завханы хэрэглэгчид Улаанбаатар хоттой ижил үнээр үйлчилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-01 02:09:18

Завханы Улиастай хотод Дашваанжил ХХК хийн түлш түгээх газар нээж, орон нутгийн иргэдэд ахуйн хэрэглээний болон авто машины хийгээр үйлчилж эхэллээ.

Дашваанжил компани өөрсдийн хөрөнгөөр Монгол улсын 21 аймагт автомашин болон ахуйн баллон хийгээр цэнэглэх станцыг барьж байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилго тавьжээ.  Завхан аймагт Дашваанжил компанийн салбар нээгдсэнээр баруун аймгийн хэрэглэгчдэд хийн түлшний үйлчилгээ илүү ойртож байна. Ингэснээр аюулгүй ажиллагааг хангасан үнэ хямд чанартай хийгээр үйлчилж Завхан аймагт ажлын байр бий болж буй юм. Эднийхэн Завханы хэрэглэгчдэд Улаанбаатар хотын үнэ ханшаар ахуйн баллон нэг кг нь 2700, автомашинд 1000 төгрөгийн ханшаар өгч байна. Тухайлбал аймгийн газын машины хэрэглэгч хувиараа Улаанбаатар хотоос газ авчирч цэнэглэхдээ 170,0-180,0 мянган төгрөг зарцуулдаг байсан бол одоо үйлчилгээ ойртож 70,0-80,0 мянган төгрөг зарцуулах боломжтой болж байна. Харин ахуйн баллоныг аймгийн иргэд Улаанбаатар хотруу захиалан 50000 төгрөгөөр цэнэглүүлдэг байсан бол одоо 37800 төгрөгөөр явдал чирэгдэл бололгүй цэнэглүүлэх боломжтой болжээ. 

Түүнчлэн Дашваанжил компанийн Завхан аймаг дахь салбар нь ахуйн баллон болон газын тээврийн хэрэгслийн цэнэглэлт, Хийн түлш ашиглалтын тоног төхөөрөмж борлуулалт, засвар үйлчилгээг үзүүлэх юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ