Перл Харборт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-08 10:00:42

ХАВАЙ. /NHK/. 75 жилийн өмнө япончуудын Перл Харбор руу хийсэн дайралтын үеэр амь үрэгдсэн хүмүүсийг дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ боллоо.

1941 оны 12 дугаар сарын 7-нд болсон уг дайралтын үеэр 2400 гаруй хүн амиа алджээ. Өчигдөр Америкийн ахмад дайчид, тэдний гэр бүлийн гишүүд болох 3800 орчим хүн Хавай арлын хөлөг онгоцны зогсоолд цугларсан байна.

АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн, адмирал Харри Харрис арга хэмжээний үеэр цугласан олонд хандан үг хэллээ.

“Дэлхийн II дайны үеэр АНУ болон холбоотон орнуудын гаргасан золиос нь энх тайвныг тогтоосон билээ. Их золиос гарган олж авсан эрх чөлөөгөө хамгаалахын тулд АНУ дэлхий дахин дахь түншүүд, холбоотнууд, тэр дундаа Японтой хамтран ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт Перл Харборт очихоор төлөвлөсөн байна. Ингэснээр тэрбээр тус аралд айлчилсан Японы анхны Ерөнхий сайд болох юм.

Амиа алдсан хүмүүсийг дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ лхагва, пүрэв гарагуудад Хавай даяар болно.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ