Төсөлд 19116 иргэнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДӨнгөрсөн 5 жилийн хугацаанд Дорнод аймагт “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төсөл хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ хугацаанд тус аймгийн 19116 иргэн уг төсөлд хамрагдсан байна.
Дээрх төсөл Дорнодоос гадна Дорноговь, Өмнөговь, Ховд аймагт хэрэгжин, залуучууд руу чиглэсэн сургалтуудыг хийж, тэднийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Төслийн гол зорилго нь залуучууд, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, хөдөлгөөнт хүн ам болон хил орчим амьдарч байгаа иргэдийн дунд БЗДХ, ХДХВ-ээс сэргийлэх, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, түүнд өртөх эрсдлийг бууруулахад голлон ажиллажээ. Энэ хугацаанд зорилтот бүлгийнхэнд сургалт мэдээлэл, зөвлөгөө, шинжилгээ, эмчилгээ, хяналт гэсэн цогц үйлчилгээг үзүүлсэн нь үр дүнтэй боллоо гэж МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан ажилтан, төслийн удирдагч Д.Энхцэцэг ярив.
Дээрх төсөл нь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Улаан загалмайн байгууллагыг түшиглэн хэрэгжсэн юм. Ингэхдээ хилийн боомттой, хүн амын хөдөлгөөн ихтэй, эрсдэл өндөр аймгуудыг сонгожээ.
Б.Туяа