Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 12:47:25

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2015.10.14/ Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өргөн барив.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг, Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг, гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүй учраас гэрээнүүд хэвлэн нийтлэгдэггүй, ингэснээр шүүх хэрэглэх бололцоогүй болдог, олон нийт гэрээний талаар төдийлөн ойлголтгүй байдаг зэрэг олон хүндрэл байгаа болохыг Улсын Их Хурлын дэд даргад танилцуулсан юм.  

Эдгээр нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс 8 бүлэг, 37 зүйлтэй  Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ