Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тоглолтоо үнэ төлбөргүй толилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-12 13:31:10

 Энэ сарын 12-нд Увс аймгийн “Ойрад” театрын хөөмийчин Д.Басан “Гэгээн монгол” тоглолтоо Улаангом хотноо амьдарч байгаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүст үнэ төлбөргүй хийнэ.

Тоглолтынхоо өмнө хөөмийч Д.Басан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дэргэдэх Баруун бүсийн ахмадын “Алтан үе” сувиллын газраар орж, тэнд асруулж байгаа 14 хүнд урилгаа гардуулжээ. Мөн аймгийн Хараагүйчүүдийн холбоо, Хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ахмадын холбоо зэрэг байгууллагаар орж урилгаа тараасан байна.

“Нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийг нэг орой цуглуулан  Монгол хөөмийгөө сонсгож сэтгэлийн цэнгэл эдлүүлэхийг хүссэн” хэмээн хөөмийчөн залуу хэллээ.

Тэрбээр тоглолтынхоо урилгыг 300 хувь хэвлүүлжээ. Өндөр настан, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, нэн ядуучууд, зорилтот бүлгийн хүмүүст зориулсан үнэ төлбөргүй тоглолт Увс аймагт анх удаагаа болж байна.

Хөөмийч Д.Басан нь өнгөрсөн 11-р сард анхны бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд монгол хөөмийг сурталчлах талаар идэвх санаачилгатай ажиллаж байгаа залуу уран бүтээлч юм.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ