“Хүүхдэд ээлтэй засаглал- 2020” хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 17:15:05

Саяхан болсон Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийг баталлаа.

Тус аймгийн хувьд “Хүүхдэд ээлтэй засаглал-2016” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт урьдахаас хэд дахин нэмэгдэж, Хэрлэн сумын 10 багийн 90 шахам хувь нь хүүхдийн тоглоомын талбайтай болжээ. Аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсноор бүх түвшний 6700 шахам хүүхдийн үгийг сонсч, тэдний саналыг  үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлснээр үр дүнд хүрч байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэж, сургууль завсардалт тэглэжээ. Мөн хүүхдийн шүдний өвчлөлгүй хот болох зорилт тавин ажилласнаар 3000 орчим хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлж Хэрлэн сумын 8 дугаар сургууль 3,5 дугаар цэцэрлэг шүдний цооролтгүй хүүхэдтэй сургууль, цэцэрлэгийн батламжийг гардаад байна. Хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн 22 байгуулага 24 сургууль, 20 цэцэрлэг шалгалтын дүнгээр үндэсний хэмжээнд тэргүүлсэн зэрэг ололт амжилтаараа Дорнод аймаг “Хүүхдэд ээлтэй аймаг” болжээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа:

-Өмнөх хүрсэн амжилтаа улам бататгах зорилгоор “Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар баталлаа. Зарим төлөөлөгчдийн зүгээс тавьсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүдйн талаар тодорхой асуудлыг нэмж тусгах болно. Дорнод Их сургуулийг түшиглэн сургуулийн болон багийн нийгмийн ажилтан, багш нар руу чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийхээр уг хөтөлбөрт тусгасан гэж байлаа.

                                                                                                                                 Б.Туяа

Холбоотой мэдээ