Эрлийзжүүлэлт Монгол малын генетикт сөргөөр нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 13:44:59

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль нь анх 1993 онд батлагдсан.Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 удаа шинэчлэн найруулсан байна. 2011 онд Хууль зүйн яамнаас уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10 заалт байна гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс уг хуулийн төслийг цаг үетэй нь шинэчлэн найруулсан талаар ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулав.

Тэрбээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсад үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40,0 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй байна судалгаа гаргасан. Мөн үржлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар судалгаандаа дурьдсан байна. 1926 оноос хойшхи хугацаанд Монголын нийт мал сүргийн 22 орчим хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2013 онд 13 хувьд хүрчээ. Үүнтэй уялдаад дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бод малын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц төдий хэмжээгээр багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байна. ГЕГ-ын мэдээллээр 2012 онд 45,3 сая долларын, 2013 онд 53,3 сая ам.долларын үнэ бүхий мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна.

Тиймээс Монголын гол баялаг болох малыг тогтвортой ашиглах, хамгаалах, судлан хөгжүүлэхүйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, мэргэжлийн ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж чиг үүргийг давхардалгүй, хариуцлагатай болгох зэрэг харилцааг хуулийн төсөлд тусгасан.

Уг хууль батлагдсанаар Монгол Улсад малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хадгалах, хамгаалах тогтолцоог цогцоор нь зохицуулж малын гаралтай хүнсээр хүн амыг хангах, түүний аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай генетик материал, түүхий эдийн нийлүүлэлтэнд суурилан нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслийн зарим зүйл заалт хэтэрхий уриалгын шинжтэй байгааг шүүмжлээд “Энэ мэт түүхий боловсруулсан хууль амьдрал дээр хэрэгжихгүй. Монгол малын генетикийг хадгалж үлдэх нь туйлын чухал тул хуулийн төслийг татан авч дахин боловсруулах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Бид Монгол малын генетикийг хадгалж үлдэх талаар олон жил ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Өнгөрсөн хугацаанд гадаадаас олон үүлдрийн эцэг мал авчирч нутагшуулахаар ажилласан ч энэ нь Монгол малын генетикт сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Эрлийзжүүлэлтээс бол Монгол малын тэсвэр хатуужил алдагдах, бие жижгирэх зэрэг сөрөг нөлөө гарсан. Тиймээс энэ бүх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн төсөлд тодорхой тусгах хэрэгтэй” гэлээ.

Мөн байнгын хорооны дарга Су.Батболд, “Нийт 330 суманд малын эрүүл мэнд, үржүүлэг хариуцаж ажилладаг 330 гаруй ажилтан бий. Эдгээр ажилтанууд сумынхаа ЗДТГ-т давхар ажиллах тохиолдол их байна. Үүнээс бол мал үржүүлгийн чиглэлд тодорхой ахиц гарахгүй, төрийн ажил цалгардаж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг давхар ажил хийхийг нь зогсоох хэрэгтэй” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ