БНХАУ, Мексик хоёр харилцаа холбоогоо бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-13 12:59:20

МЕХИКО. /Reuters/. АНУ-БНХАУ болон АНУ-Мексикийн харилцааг хүндрүүлж болзошгүй байгаа Дональд Трамп өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай холбоотойгоор БНХАУ болон Мексикийн өндөр тушаалын дипломатчид өчигдөр уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи ням гарагт Мексикт айлчлахаасаа өмнө Нью-Йорк хотод ирж Трампын багийнхан, тэдний дотор үндэсний аюулгүй байдлын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Майкл Флиннтэй уулзжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп АНУ дахь ажлын байруудыг хамгаалахаа амласан билээ. Трамп төрийн эрхийг авбал худалдааны хамгийн том түншээ алдана гэсэн айдастай байгаа Мексикийн тал АНУ-аас эдийн засгийн хувьд хэт хамаарахгүй байх арга замуудыг хайж байна.

Хятадын дипломат Ян Жэчи Мексикийн Гадаад хэргийн сайд Клаудиа Руиз Масьетэй уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж, хоёр улсын хооронд хийж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Үүний зэрэгцээ хоёр тал итгэлцлийг бэхжүүлж, Мексик-БНХАУ-ын стратегийн яриа хэлцээгээр дамжуулан хоёр талын харилцан сонирхож буй асуудлуудаар хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.

Ноён Ян Жэчи Мексикийн Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетод бараалхжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ