Дорноговьд өвөлжилт хүндрээгүй өнөтэй өвөл болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-13 15:14:06

12 дугаар сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн ихэнх суманд цас багатай өвөлжилт хүндрээгүй малчид, мал сүрэг өнөтэй сайхан өвөлжиж байна.

Энэ онд тус аймагт 3988 малчин өрхийн 2.0 сая  орчим  толгой мал өвөлжиж байгаа бөгөөд өөр аймгийн нутагт 7 сумын 68 өрхийн 45.1 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 7 сумын 99 өрхийн 54.7 мянган толгой мал өвөлжиж буй.

Харин хилийн зурваст 5 сумын 118 өрхийн 67.1 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1 сумын 92 өрхийн 28.8 мянган толгой мал,  нийт 377 өрхийн 195.7 мянган толгой мал отроор  өвөлжиж хаваржих зохион байгуулалтын ажлыг орон нутгаас сумдын Засаг дарга нартай харилцан тохиролцож гэрээ хийжээ.

Тус аймгийн УЦУОША-наас боловсруулсан  мэдээллээс үзэхэд ойрын таван хоногийн хугацаанд тус аймагт хур тунадас орохгүй, салхи секундэд 05-10 метр, агаарын температур шөнөдөө 13-18, өдөртөө 03-08 градус хүйтэн байна.

Харин ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр  энэ оны 11 дүгээр сарын байдлаар  тус аймагт 97737 толгой мал хорогджээ.

Дээрх тоо бол  2015-2016 онд шилжих өвлөөр тус аймгийн ихэнх суманд цас орж хүйтэрсэнээс  өвөлжилт хүндэрч мал сүрэг мянга мянгаар хорогдсоноос үүдэлтэй юм .Дээрх тоог өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 12 дахин нэмэгдсэн аж.

Нийт хорогдлын 60.2 хувь нь Айраг, Дэлгэрэх, Өргөн, Хөвсгөл суманд  гарсан бол нийт хорогдлын 3.0 хувь нь өвчнөөр хорогджээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ