Бөмбөгөр сумын мал 20 шахам хувь өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-19 20:24:14

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрсөн онд 220 мянган толгой мал тоолуулж байсан бол энэ жил 15-20 хувь өсөх урьдчилсан дүн гарчээ. Малын тоо толгой жигд өсч байгаатай холбоотойгоор шинээр мянгат малчид олноор төрөн гарахаар байна. Тухайлбал, сумын хэмжээнд 6 мянгат малчны болзол хангасан малчин байгаа нь мал тооллогын явцад тодорхой болжээ.

Сүүлийн хэдэн жил цаг агаарын таатай нөхцөл малчдын малын тоо толгой өсөхөд нөлөөлсөн аж. Тус суманд хамгийн цөөн малтай малчин 300 мал тоолуулжээ. Малын тоо өсч байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж, өнгөрсөн онд 3.5 хувийн хэтрэлттэй байсан бэлчээрийн даац энэ жил 5 хувьд хүрэх төлөв ажиглагджээ. Усны хомсдолоос үүдэж бэлчээрийг бүрэн ашиглаж чадахгүйд хүрч байгаа учир уст цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарчээ. Гэхдээ хаана худаг ус гаргахаа нарийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдэхгүй бол цэвдэгтэй газар худаг гаргах нь эргээд усгүй болох эрсдлийг дагуулдаг байна.

Сонирхуулахад, Тус сумаас бусад сумдад отор нүүдэл хийсэн айл өрх одоогоор алга. Харин Галуут, Баацагаан сумдаас малчид отроор Бөмбөгөр суманд өвөлжиж байна. Мөн суманд өөрийн гэсэн нөөц хангалтгүй ч малчид хувьдаа өвс, тэжээлийн нөөцийг чамгүй бий болгожээ. Нийтдээ 2140 тонн өвс малчдын гар дээр байгаа судалгаа гарсан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ