Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-12-20 12:19:12

2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байжээ.

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт өсч, шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн шатаж, гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан харамсалтай осол гарчээ.

Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд ийнхүү галд өртсөн байна. Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.

Мөн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ