Цалинтай чөлөө олгодог болох чиглэл өгөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-12-21 15:16:43

Бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлгийн цалинтай чөлөө олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Энэ өөрчлөлт нь хүйтний эрч чангарч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байгаатай шууд хамааралтай юм. Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүн байхгүйгээс эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ яваад эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн эмнэлгийн ачаалал их, тэнд ханиад томууны вирус дамждаг зэрэг нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Ерөнхий сайдаас эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал таваас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийг ч залруулахыг чиглэл болгосон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ