Төсвийн зарлагыг 1,6 тэрбум төгрөгөөр хорогдуулан баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-21 16:01:41

Энэ дугаар сарын 23-нд нэгдсэн журмаар улсын төсвийн данс хаагдана. ИТХ-ын маргаан эцэслэн шийдэгдсэнтэйгээр холбоотойгоор Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит  2-р хуралдаан 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Хурлаар 2016 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн юм.

Сүхбаатар аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарлага санхүүжилт хүлээгдэж байгаа гүйцэтглийг харгалзан төсвийн зарлагыг 1,6 тэрбум төгрөгөөр хорогдуулан баталлаа. Тусгай зориулалтын шилжүүлгийн зардал буюу ЕБС-ийн зардлыг 134,2 сая, СӨБ-ын зардлыг 3,1 сая, соёлын байгууллагын зардлыг 4,2 сая төгрөгөөр тус тус бууруулжээ. Харин орон нутгийн хөгжлийн сангийн / ОНХС/  тухайд улс эх оны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогы бүрдэлттэй холбоотойгоор итгэлцүүрээр тооцон олгодог эх үүсвэр 862,2 сая төгрөгөөр буурчээ.

Аймгийн ОНХС-ийн эх үүсвэр хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж, харин сумдын ОНХС-ийн эх үүсвэр хасагдан тооцогдож байгаа тухай амгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн дарга Д.Ариунжаргал танилцууллаа. 2016 оны төсвийн тодотголын саналыг төлөөлөгчид 100 хувь хүлээн зөвшөөрч, баталлаа.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нийгмийн даатгал болоод татварын шимтгэл гээд нийт 21 сая төгрөгийн өртэй, одоогоор данс нь хаагдсан байдалтай байгаа, мөн Баяндэлгэр суманд өнгөрсөн онд шонхор шувууны худалдаагаар 26 сая төгрөг орж ирсэн. Гэтэл үүний зарцуулалт нь тодорхойгүй, үр дүнгүй байгаа юм. Энэ мэт улсын төсвийн болоод бусад орлогыг төсвийн захиран зарцуулагч нар зөв зарцуулж чадаагүй, төсвийн сахилга бат алдагдуулсан зүйлс байгааг төлөөлөгчид шүүмжлэн, зохих хариуцлага нэхэн тооцох хэрэгтэйг ИТХ-н төлөөлөгчид шүүмжилж байлаа.

ИТХ-ын ээлжит 2-р хуралд АН-аас нэг ч төлөөлөгч оролцсонгүй.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ