Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2016-12-23 08:02:28

Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг.

Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн боловсролын газартай хамтарч хийсэн судалгааны дүнд үндэслэн эхний ээлжинд утаа ихтэй гэр хорооллын бүсийн 50 цэцэрлэгийг сонгож, 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж өгч байна. Энэхүү шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж, утаа, тоос, тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг аж. Шөнийн ухаалаг горимоор ажилладаг учраас эрчим хүчинд ч хэмнэлттэйг онцоллоо. Мөн цэцэрлэгүүдэд агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж дагалдуулан өгсөн. Энэхүү хэмжүүрийн тусламжтайгаар тасалгааны агаар дахь бохирдол хэрхэн буурч байгааг хянах боломж бүрдэж байгаа юм. Агаарын бохирдол ихтэй энэ үед уг төхөөрөмжүүдийг өгснөөр 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төр засгаас судалгааны баг байгуулж, шинэ шийдлийг эрэлхийлэн ажиллаж байгаа ч богино хугацаанд асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс юун түрүүнд агаарын бохирдлоос иргэд бид өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалах шаардлага байгаа юм. Өнөөдөр агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өгч буй цэцэрлэгүүдийг агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонгосон. Энэхүү төхөөрөмж хүүхдүүдийн маань эрүүл мэндийг хамгаалахад ач тусаа өгнө гэж бодож байна. Нийслэлийн удирдлагууд бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө байгаа бүх бололцоогоо ашиглан ажиллах болно” гэлээ.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн удирдагч Н.Баяртогтох “Өдрийн ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрөөж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор судалгаа явуулж, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах нь ач холбогдолтой гэж үзсэн. Эхний ээлжинд 200 төхөөрөмж хуваарилах шийдвэрийг НЗДТГ-тай хамтарч гаргаад хэрэгжүүлж байна. Энэ ажил зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Он гаргаад мөн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

Амны хаалт зүүж хэвшихийг уриаллаа

Сурагч хүүхдүүдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор утаажилт ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянган орчим сурагчид амны хаалт өглөө. Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авч, сургуулиудад тарааж байгаа юм.

Энэ талаар “Эрбуб” ХХК-ийн захирал Д.Нямтулга “Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн ажилладаг. Бидний үйлдвэрлэсэн амны хаалт агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Утаа буюу нарийн ширхэгт тоосонцороос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс хотын утаа ихэсдэг энэ үеэр өөрсдөө болон хүүхдүүддээ зориулалтын амны хаалт зүүлгэж хэвших хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг амны хаалт зүүж хэвших аян өрнүүлж байгааг энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  хэллээ. Үүнийг урлаг соёлын залуус ч дэмжиж нэгдэхээ илэрхийллээ. Тухайлбал, жүжигчин О.Цэнгэл “Хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа энэ ажлыг би маш зөв зүйтэй гэж үзэж байна. Хотын утаа нэг л өдөр арилчих боломжгүй учраас хүн бүхэн амны халт зүүж хэвших хэрэгтэй. Хотын удирдлагаас гаргасан санаачилгад урлаг соёлын залуус бид ч нэгдэх болно” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ