Эскимосчуудад эртний хүмүүсийн ген байдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2016-12-24 15:24:02

ЛОНДОН./BBC/. Гренландад амьдардаг эскимосчуудад Сибирийн эртний оршин суугчдын ген байдгийг эрдэмтэд олж тогтоосон байна. Уг генийн ачаар эскимосчууд хүйтнийг тэсвэрлэж чаддаг ажээ.

Сибирьт 40 мянга орчим жилийн тэртээ амьдарч байсан Денисовын хүмүүсээс өвлөгдөн үлдсэн ген нь эскимосчуудыг Арктикийн хахир хүйтнээс хамгаалдаг тухай "Molecular Biology and Evolution" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өгүүлж байна.

"Денисовын хүн" гэдэг нь Оросын Алтайн хязгаарт амьдарч байгаад өдгөө устаж үгүй болсон эртний хүмүүсийн төрөл юм.  

Эрдэмтэд Гренландад амьдарч буй эскимос үндэстний 200 хүний генийг неандертальчууд болон “денисовчууд”-ын ДНХ-тэй харьцуулан судалсан байна. Судалгааны явцад "денисовчууд"-ад байдаг TBX15 ба WARS2 гэдэг хоёр төрлийн ген эскимосчуудад мөн адил байдаг болохыг олж тогтоожээ. TBX15 ген нь хүний бие махбодийн хүйтний эсрэг хариу үйлдлийг хариуцаж, бие дэх өөхийг хуваарилах үүрэг гүйцэтгэдэг аж.  

Дээрх төрлийн хоёр ген неандертальчуудад огт байдаггүй бол орчин үеийн хүмүүст нэн ховор байдаг гэнэ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ