Төгсөгчид ажлын байрны урилга гардаж авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛХНХЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн 32 дахь төгсөлт болов. Тус сургуульд 15 мэргэжлээр 670 оюутан суралцаж байгаагаас 224 нь төгсөлтөө хийж байна.
Тус сургуулийн захирал Б.Лхагвасүрэн:-“Манай сургууль суралцагчдаа есдүгээр ангиас нь элсүүлж аваад 2.5 жилээр сургаад бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх давхар гардаж авдгаараа ерөнхий боловсролын сургуулиас онцлог. Энэ удаа нийт 224 хүүхэд төгсөж тэдгээрийн 60 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байгаа. Жишээ нь: “Дархан Нэхий”, “Молор Эрдэнэ”, “Өег Гурил”, “Зочин Зоог” зэрэг ХХК, Нэгдсэн Эмнэлгийн хоолны газар, “Мэри Кэй” салон зэрэг таван байгууллага дадлагын хугацаанд сайн ажилласан төгсөгчдөд ажлын байрны урилга гардууллаа. Яг зах зээлийн хямралтай байгаа энэ үед төгсөөд шууд ажлын байртай болно гэдэг бол манай сургуулийн давуу тал юм. Бид сургалтын орчингоо сайжруулж тоног төхөөрөмжөө шинэчилж авсан бол одоо багш нараа чадавхжуулах ажлыг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Б.Норовсамбуу