Гал түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-30 17:56:41
Yesukheitumur Tumurbaatar

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн хэмжээнд гурван ахуйн гал түймэр гарч дөрвөн хүн амиа алдаж нэг хүүхэд харамсалтайгаар бэртсэн талаар Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тодруулбал энэ сарын 19-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг айлын өвлийн байшин шатаж дотор нь байсан гурван хүн харамсалтайгаар амиа алдаж нэг хүүхэд хүнд бэртэн одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн энэ сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд айлын өвлийн байшин шатаж нэг хүн амиа алдсан таагүй явдал болсон байна. Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт нэг айлын таван ханатай гэр шатсан азаар хүний амь нас эрстээгүй бөгөөд одоо орон гэргүй болсон иргэдэд Дэлгэрхаан сумаас яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 45 удаагийн объектын гал түймэр бүтгэгдсэн бол энэ онд 35 удаа гал түймэр гарсан нь өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан байна. Цаашид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх үзлэг шалгалтыг албан байгууллага аж ахуй нэгжүүдэд Төв аймгийн Онцгой байдлын газраас хийж гүйцэтгэж байгаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх байцаагч Онцгой байдлын хошууч Ц.Лхагвасүрэн хэллээ. 

Түүнчлэн аймгийн хэмжээнд гарч байгаа объектын гал түймрийн зөрчил дутагдлын дийлэнх нь цахилгааны утастай холбоотой гэмтэл болон ил задгай үнс нурам асгах, яндангийн холболт буруу зэрэгтэй холбоотой байдаг ажээ.

Мөн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээнүүд болж байгаатай холбогдуулан Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга тушаал гарган аймгийн ОБГ-аас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжийн гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 918 айл өрхийг үзлэг шалгалтад хамруулж нийт 595 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Үүнээс 85 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Гэр хороололд гарч байгаа нийт гал түймрийн зөрчил дутагдлын дийлэнх нь цахилгааны утастай холбоотой гэмтэл болон ил задгай үнс нурам асгах, яндангийн холболт буруу зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Цаашид албан байгууллага, иргэдийн дунд урьдчилан сэргийлэх чиглэлээр объектын гал түймрийн үед протехникийн хэрэгсэлтэй зааврын дагуу харьцаж сургах сургалтыг явуулахаас гадна санамсар болгоомжгүй байдлаас гал алдахаас сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллах гэнэ.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ