Хөвсгөлийн Онцгой байдлын газар бусдыгаа хошуучиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой байдлын газар 2016 оны ажлаа А буюу дүүрэн хангалттай дүгнүүлж бусдыгаа хошуучлан Онцгой Байдлын Ерөнхий газрын даргын нэрэмжит шагнал гардан авлаа.
Мөн тус газрын Гал унтраах, аврах 27-р ангийн ахлах дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны тэргүүний салаагаар шалгарч, хошууч Ш.Нэргүй Цэргийн хүндэт тэмдгээр, Эрэн хайх аврах салбарын дарга Н.Мягмарсүрэн ахмад, ахлах ахлагч Р.Баянмөнх, Г.Цолмон нар дэслэгч, дуудлага хүлээн авагч Ч.Цолмонзаяа дэд ахлагч цолоор шагнагдлаа. 2016 онд аймгийн хэмжээнд ой хээрийн түймрийн болон гамшиг ослын хохирол өмнөх оноос 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарч, аврагчид 108 удаагийн дуудлагаар гамшгийн голомтод гарч ажиллан иргэн аж ахуйн нэгж байгууллагын 723,7 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. УИХ-аас Батлан хамгаалахын тухай цогц хууль батлагдан гарч Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Монгол төрийн цэргийн байгууллага болж өргөжин албан хаагчид цэргийн тангараг өргөж хос тангарагтай болсон баярт үйл явдлыг хүндэтгэлтэйгээр зохион байгуулж Хөвсгөл цэргийн хүрээний байлдааны тугтай хоёр дахь анги байгууллага хамт олон болсон онцлогтойгоор шинэ оноо угтлаа.
Б.Гантуяа